Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 3-р хуралдаан Улаанбаатар хотноо

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан нь БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Анхны хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус болжээ. Гуравдугаар хуралдаан нь 2018 оны 07 дугаар сарын 08-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуганг, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны яялал жуулчлалын агентлагийн дарга Сафонов Олег Петрович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид оролцох юм Түүнээс гадна НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгчид, МАЖХ, МЗБХ, АЖБХН болон тур оператор компаниудын төлөөллийг багтаасан 150 гаруй төлөөлөгч оролцох юм.