Шенгений орны визийг Монголоос авдаг боллоо

Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монгол дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авах боломжтой боллоо. Энэхүү шийдвэр нь энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын визийг олгодог болсон байна. 

Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих зэрэг бүх төрөлтэй аж. Итали улсын Элчин сайдын яамнаас иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх үүднээс виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногт багтааж гаргах зохицуулалтыг хийж байгаа юм байна. Харин иргэд виз захиалахдаа Итали улсын ЭСЯ-нд өөрийн биеэр хандахын зэрэгцээ цахим хуудас, утсаар захиалгаа холбогдох боломжтой аж.

Энэ асуудлаар болон хоёр орны хамтын ажиллагааны талаар Итали Улсын Элчин сайд Андре Дэ Фэлипээс цөөн асуултад хариулт авлаа.

-Визний хураамжийн тухайд тодруулахгүй юу?

-Визний хураамж нь явж буй зорилго, төрлөөсөө хамаараад өөр өөр байна. 

-Өмнө нь Монгол иргэд Итали улсын виз мэдүүлэхдээ хаана ханддаг байсан бэ?

-Манай Элчин сайдын яам виз олгож эхлэхээс өмнө Монгол иргэд Бээжинд байгаа Италийн Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлдэг байсан. Харин албан шугамаар явж байгаа хүмүүс Улаанбаатарт буй Германы Элчин сайдын яаманд хандаж визээ авдаг байсан. Даваа гаригаас эхлээд /2017.06.19/ Монгол иргэд Бээжин явах шаардлагагүй, Улаанбаатарт байгаа Италийн Элчин сайдын яаманд хандаад визээ авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

Цаашид хоёр орны харилцааг хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байна вэ?

-Хамтын ажиллагааны боломжууд их гэж харж байгаа. Гэхдээ нэг салбарыг онцолж ярьмаар байна. Монголын 60 сая толгой малаас авах ашиг шим, түүхий эдийг Италийн технологиор баяжуулан дэлхийн зах зээл дээр хамтарсан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Мөн Монголын  түүхий эд органик шинж чанартай учраас дэлхийн зах зээл дээр түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн өндөр үнээр зарагдах магадлал өндөр юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь жилийн 365 хоногт нартай, байгаль нь бохирдолгүй зэрэг дэлхийд танигдсан давуу талаа ашиглан Итали Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлвэл бид  амжилттай байна гэдэгт би итгэлтэй байна.

-Сүүлийн өдрүүдэд Монголчууд дуурийн урлагаар амьсгалж байна. МУГЖ Г.Ариунбаатар “Дэлхийн дуучин-2017” уралдаанд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан амжилт үзүүллээ. Итали улс дуурийн өлгий гэдэг утгаараа Монгол улстай соёл урлагийн салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байна уу?

-Тийм ээ. Монгол улстай соёл урлагийн салбарт хамтран ажиллах болно. Монголын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллаж, Италийн сонгодог урлагийн тоглолтыг зохион байгуулах, мөн Италийн кино урлагийн өдөрлөгөөр дамжуулан кино урлагийг сурталчлах, соёлын солилцооны хөтөлбөр боловсруулах зэргээр ажиллахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Италид шинээр төрөн гарсан дуурийн дуучдын тоглолтыг Монголд зохион байгуулах, туршлага солилцох, соёлын солилцоо явуулах зэргээр ажиллана.

Суурин Элчин сайдтай болсноор маш их давуу тал бий болсон гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулав?
-Италийн ЭСЯ байгуулагдаад нэг жил болсны дараа Монголын олон нийтэд мэдээлэл өгөх боломж олдсондоо баяртай байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Италийн ЭСЯ Улаанбаатарт нээсэн. Ингэснээр Итали Улсын системд байгаа байгууллагууд Монгол Улсыг сонирхож байгаагийн илрэл болсны зэрэгцээ хоёр улсын харилцаа өргөжин тэлэхэд чухал ач холбогдолтой үйл явц болсон юм.  Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдээс дурдахад, Монгол-Италийн Засгийн газар хоорондын 2 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Хуралдааныг өмнө нь Итали Улсад зохион байгуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотноо болсон гэдгээрээ ач холбогдолтой. Засгийн газар хоорондын хуралдааны үеэр Итали Улсаас Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад худалдаа хариуцсан дэд сайд тэргүүтэй төлөөлөл Монгол Улсад айлчилж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнтэй уулзан үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Италийн Сенатын танхимын гишүүд Монголд Улсад айлчилсан нь хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Үүний зэрэгцээ Монгол-Италийн батлан хамгаалах яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь хоёр улсын Батлан хамгаалах яамдын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болсон юм. Мөн Италийн сүлжмэл, нэхмэл үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос ноосон эдлэл боловсруулах гарын авлагыг монгол хэл рүү хөрвүүлж, Монголын Ноос, ноолуурын холбоонд хүлээлгэн өгсөн.

Италийн Женова хотын тэнгисийн захиргаа, Монгол Улсын Далайн захиргааны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус хотын далайн боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах суваг болгон ашиглах боломжтой. Мөн санамж бичгийн хүрээнд Монголын тал өргөн ашигладаг Хятадын далайн боомтууд дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоотой болно. Энэ дашрамд, өнгөрсөн жил ЭСЯ-наас ДБЭТ-тай хамтарч “Вердийн үдэш” тоглолтыг зохион байгуулахад энэ үеэр Италиас алдартай удирдаач ирж оролцсон гэдгийг энэ дашрамд дурдах нь зөв байх.