Хар зүрхний хөх нуур

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.

Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг.

Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна. Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи англи, монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.