НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудал 40 гаруй мэргэжлээр 150 нээлттэй ажлын байр зарлажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хурд интернэшнл” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудлын хүний нөөц бүрдүүлэх ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 09:00-17:00 цагт зохион байгуулж байна.

Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын "Аккор" групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо "Новотел Улаанбаатар" зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Н.Ганзориг “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв маань байгуулагдаад багахан хугацааг өнгөрүүлсэн ч тодорхой хэмжээний ажлын байрны захиалгыг авч иргэдэд үйлчилж байна.

Өнөөдрөөс Новотел Улаанбаатар компаниас 40 гаруй мэргэжлээс 150 нээлттэй ажлын байрны захиалга ирж, иргэдийг бүртгэж, ярилцлагад шууд оруулж байна.

Тус компани  ирэх тав дугаар сараас эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон бөгөөд өнөөдөр ийнхүү хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж байна.

Ажлын байрыг сонирхсон хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьж байна. Үүнд:


  • Тухайн албан тушаалын холбогдох мэргэжлээр бакалавр зэрэгтэй /Зочид буудлын менежмент, Аялал жуулчлалын менежмент... гэх мэт /
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай 
  • Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй 
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, зөв хандлагатай
  • Манлайлах, асуудал шийдвэрлэх, хурдтай, бүтээлч, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх чадвартай
  • Үйлчилгээний байгууллагад тэр дундаа томоохон зочид буудлуудад ажиллаж байсан туршлагатай 
  • Компютерийн хэрэглээний болон бусад шаардлагатай программ дээр ажиллах чадвартай /Opera, Micros, Fedelio, … гэх мэт/
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Цаашид энэ салбарт өсөн дэвжиж, карьер ахиулах хүсэлтэй ажил горилогчдыг ажлын байрны нээлтэй өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 

Өдөрлөгийн үеэр ажил горилогчдыг бүртгэн ажлын ярилцлагыг шууд зохион байгуулах юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болох юм байна.